ЭЦЭГ ЭХ (#12607)

Бид өөрийн гарыг таны хайр ивээл, буян хишгийн тэнгэр өөд хүлцэнгүйгээр сунгасан байхыг Та харж байгаа билээ. Алгыг маань Өөрийн буян ивээлийн эрдэнэсээр дүүргэж хайрлана уу. Биднийг болон бидний эцэг эхийг өршөөн хэлтрүүлж, Таны буян хишиг, Таны өгөөмөр ивээлийн далайгаас хүссэн бүхнийг минь гүйцэлдүүлж өгөхийг хичээнгүйлэн гуйя. Таны замналд зориулсан бидний ажил үйлс бүхнийг таашааж өгч соёрхоно уу. Зүрх сэтгэлийн маань мөрөөдөл болсон Та минь ээ. Та бол үнэнхүү Хамгийг чадагч, Хамгаас өргөмжит, Зүйрлэшгүй, Цорын ганц, Өршөөнгүй, Өгөөмөр билээ.

-Bahá'u'lláh
-----------------------

ЭЦЭГ ЭХ (#10720)

Бурхан минь, Өөрийн шадар зарц нарыг Өөрийн зүг хандуулахыг хүссэн Таны хүслийн дагуу Таны өршөөлийг эрж, уучлах сэтгэлийг тань гуйн залбирч байна.  Эзэн тэнгэр Та Өөрийн тааллаар бидний нүгэл гэмийг цагаатгаж, намайг болон миний эцэг эхийг, мөн Таны хязгааргүй эрх хэмжээ ба Таны хурмастын хүч чадлын сүр жавхланд таашаагдах тийм байдлаар Таны хайрын орон гэрт алхан орсон хэмээн Таны мэлмийд үнэлэгдсэн тэдгээр хүмүүсийг өршөөн хэлтрүүлэхийг танаас хичээнгүйлэн гуйя.  
	Бурхан минь ээ!  Танд залбиран мөргөх сэтгэлийг миний зүрхэнд Та бадраасан бөгөөд хэрэв Та байгаагүй бол Таныг дуудан дурсах хүсэл надад төрөхгүй байх байсан билээ.  Таныгаа магтан алдаршуулъя.  Өөрийн биеийг надад нээж өгсөнд Тандаа талархал өргөе.  Мөн Таныг танин мэдэх үүргээ дутуу биелүүлж, Таны хайрын замаар алхахдаа алдаж эндсэн тул намайг өршөөн уучлахыг Танаас хичээнгүйлэн гуйя.

-The Báb
-----------------------

ЭЦЭГ ЭХ (#12606)

Бурханд хандаж залбирахдаа эцэг эхийгээ дурсдаг тийм хүн буянаар дэлгэр.

-The Báb
-----------------------

ЭЦЭГ ЭХ (#10721)

Эзэн тэнгэр минь!  Хамгаас Агуу энэ Эрин үед эцэг, эхийнхээ төлөө өршөөл гуйсан үр хүүхдийнх нь залбирлыг Та хүлээн авдаг билээ.  Энэ нь энэхүү Эрин үед тохиосон хэмжээлшгүй онцгой буян хишгийн нэг билээ.  Иймээс элэгсэг Эзэн минь Та, хүү нь Танд үйлчлэхээр босч, Таны хайрын замналд үргэлжид хичээн чармайж байгаа тул хосгүй Таны босгоны өмнө сөгдөн залбирсан энэхүү шадар зарцынхаа хүсэлтийг болгоож, эцгийг нь ивээлийнхээ далайд умбуулж хайрлаач.  Та үнэнхүү Өглөгч, Өршөөнгүй, Элэгсэг сэтгэлтэн билээ!

-`Abdu'l-Bahá
-----------------------

